Др, проф. Ш.Цогтоогийн Монгол Улсын Захиргааны эрх зүй: ерөнхий, тусгай анги 2024 бүтээлийн товч танилцуулга
МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн зөвлөх профессор, Монгол Улсын гавьяат багш, доктор Ш.Цогтоогийн “Монгол Улсын Захиргааны эрх зүй: ерөнхий, тусгай анги” бүтээл нь сурах бичгийн уламжлалт хэв маяг бүхий хуучин догматик загварчлалаас аль болох зайлсхийж, нийтийн захиргааны удирдлагын тулгамдаж буй зарим “проблем”-уудыг академик ба прагматик судалгааны арга зүйд нийцүүлэх, харьцуулсан судлалын олон талт гарц гаргалгаа эрэлхийлэхэд чиглэгджээ.
Судлаачийн өөрийнх нь онцолсоноор “нийтийн захиргааны эрх зүй нь улс төр судлал, философи, түүх судлал, математик зэрэг хэд хэдэн шинжлэх ухааны уулзварт оршдог өвөрмөц салбар судлагдахуун мөн” тул эрх зүйч мэргэжлийн сэтгэхүйгээр материаллаг хэм хэмжээ, хуулийн зүйл заалтад “баглагдмал”, “баригдмал” байх ёсгүй нийлмэл цогц нилээдгүй сэдвийг энд цоо шинээр нэмж тусгаснаас товч дурдвал:
а. Засгийн газрын улс төрийн шийдвэрийн улмаас Ерөнхий сайд хариуцлага хүлээх үндэслэлгүйг тодорхойлдог онол арга зүйн оросоор “презумпция невиновности” (лат. praesumptio innocentiae), англиар “The presumption of innocence” гэм буруугүйн зарчим. Тэрчлэн Үндсэн хуулийн цэц албан тушаалын ямар нэг хяналтад байдаггүй онцлог статустай уялдан улс төрийн түвшинд, ялангуяа ГЭМ-ийн хүрээнд үүссэн эрх зүйн маргааныг герман арга зүйгээр аль нэг хүчний талд оролгүйгээр бие даан шийдвэрлэж байх зүй ёсны асуудал;
б. Засгийн газрын үйл ажиллагаанд түгээмэл хэрэглэгдэх квот, демпинг, тарифын ба тарифын бус зохицуулалт, түүний хэрэглээ;
в. Захиргааны эрх зүйн харилцаанд дахь шинэ ба хуучин нэр томьёоны зөрчилдөөн, шинэ нэр томьёог нутагшуулахад тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам;
г. Зөрчлийн тухай хуульд анализ хийж, захиргааны хяналт, захиргааны зөрчил, захиргааны хариуцлагын зааг ялгааг тодотгох хууль зүйн шаардлага;
д. Экслав ба анклав нутаг дэвсгэрийн асуудал, харьцуулсан судлалын агуулга, мөн чанар;
е. Нийтийн захиргаа ба нутгийн удирдлагын шүтэлцээ, харилцан хамаарал;
ж. Дотоод хэргийн салбарын удирдлага Монгол Улсад зайлшгүй болохыг уг сурах бичигт анх удаа авч үзсэн зэрэгт уг бүтээлийн шинэлэг тал оршино.