Мэдээ мэдээлэл

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН БАГ ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2024 оны 11 сарын 21

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц болон МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс “Бүгд найрамдах улс тунхаглаж, анхдугаар үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой”-г тохиолдуулж хуулийн их сургуулиудын дунд “Үндсэн хуулийн шүүхийн мэтгэлцээний тэмцээн”-ийг 1 сар гаруй хугацаанд зохион байгуулсан бөгөөд 2024 оны 11 сарын 20 өдөр финалын шатны шалгаруулалт явагдлаа.

 

Тус тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг (Гишүүд: IV түвшний оюутан Б.Өсөхбаяр, Б.Болор, Д.Ариунзаяа, Ш.Сумъяахүү, Г.Анхзаяа, Дасгалжуулагч: Нийтийн эрх зүйн тэнхимийн багш С.Бат-Орших) оролцож тэргүүн байрт шалгарлаа.

Энэхүү тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Шихихутуг их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Их засаг их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Орхон их сургуулийн багууд оролцсон. Тэмцээнд оролцогч баг бүр маргагч болон маргалдагч аль аль талын зүгээс мэдээлэл, хариу тайлбар бичиж, түүний дагуу амаар мэтгэлцлээ. Хуулийн сургуулиудын хооронд өмнө нь эрүү, иргэн, захиргааны эрх зүйн чиглэлээр шүүхийн мэтгэлцээний тэмцээнүүд зохион байгуулагдаж байсан бол энэхүү тэмцээн нь үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр зохион байгуулагдсан анхны шүүхийн мэтгэлцээн гэдгээрээ онцлог юм.

Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан шагнал гардуулах ёслолын үеэрээ дурдсанчлан, энэхүү тэмцээн нь цаашид уламжлал болгон зохион байгуулагдах юм.