Мэдээ мэдээлэл

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН БАГШ Э.ТУУЛАЙХҮҮ НҮБ-ЫН ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН КОМИСС БАЙГУУЛАГДСАНЫ 75 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН АРГА ХЭМЖЭЭНД ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ.

2024 оны 12 сарын 02

 МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Э. Туулайхүү нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “НҮБ-ын Олон улсын эрх зүйн комисс байгуулагдсаны 75 жилийн ойд зориулсан арга хэмжээ (Commemorative Event 75 years of the UN International Law Commission)”-ий ерөнхий санал шүүмжийн хэсэгт уригдан “Reliance on ILC’s output in International Adjudication” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тус илтгэлд багш Э.Туулайхүү нь Олон улсын эрх зүйн комиссоос боловсруулан гаргадаг олон төрлийн баримт бичгүүд олон улсын шүүхийн практикт ямар нөлөө үзүүлж буйг хэд хэдэн жишээгээр тайлбарлаж, гүйцэтгэж буй үүргийг онцлов.

  Олон улсын эрх зүйн комисс нь НҮБ-ын дүрэмд заасан олон улсын эрх зүйг төрөлжүүлэн эмхэтгэх, дэвшилттэйгээр хөгжүүлэх асуудлыг хариуцсан гол институт юм.

6 хэсгээс бүрдсэн тус эрдэм шинжилгээний хурлыг Өмнөд Африкийн Иохансбургийн их сургуулийн Олон улсын эрх зүйн судалгааны хүрээлэн, Энэтхэгийн Раштриа Ракша их сургуулийн Олон улсын эрх зүйн төв хамтран зохион байгуулсан ба Европ, Африк, Америк, Азийн  17 улсын 20 гаруй эрдэмтэн судлаач (олонх нь НҮБ-ын Олон улсын эрх зүйн комиссын гишүүд) оролцож уг комиссын олон улсын эрх зүйд оруулж буй хувь нэмрийг олон талаас хэлэлцэв.