МУИС-ийн Хууль зүйн сургууль, Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газартай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд “Нээлттэй ажлын байр” өдөрлөгийг зохион байгууллаа.
“Нээлттэй ажлын байр” өдөрлөгийг хууль зүйн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг их, дээд сургуулиудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд уг ажиллагааг МУИС-ийн Хууль зүйн сургуулиас эхлүүлж байна.
Өдөрлөгт Монгол Улсын Дээд Шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ, тус шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, профессор, доктор Б.Амарсанаа, Практик сургалтын төвийн эрхлэгч, дэд профессор, доктор С.Болормаа, Шүүхийн академи болон багш, оюутнууд оролцов.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор Б.Амарсанаа өдөрлөгийг нээж үг хэлэв.
Улсын дээд шүүхийн Хүний нөөц, сургалтын албаны дарга А.Батдэлгэр Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, Шүүгчийн судлаач-туслах, Шүүгчийн туслах-шинжээчийн ажлын байрны чиг үүрэг, цалин хөлс, эдгээр албан тушаалд ажиллахад тавигдах шаардлага, сул орон тоонд томилогдон ажиллах боломжийн талаар мэдээлэл өгөв.
Мөн Шүүхийн академийн Захиргааны эрх зүйн секторын эрхлэгч Н.Хулан Шүүхийн академид ажиллах орон тооны талаарх мэдээлэл, тавигдах шаардлагын талаар танилцуулж, “Шүүхийн академи онол, практик, бодлогын болон харьцуулсан өргөн хүрээний судалгаа хийдэг. Үүнээс гадна дотоодын болон гадаадын шүүхийн шийдвэрийн хураангуйг бэлтгэн нийтэлж, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийдэг. Шүүхийн академид ажилласнаар байнга суралцах боломжтой” гэдгийг тодотгосон юм.
Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр өдөрлөгийг хааж үг хэлэв.
Улаанбаатар хот
2025 оны 04 дүгээр сарын 25