Мэдээ мэдээлэл

“2025 K-LAW Forum”-ыг Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран амжилттай зохион байгууллаа.

2025 оны 05 сарын 19

2025 оны 05 сарын 13-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй  “2025 K-LAW Forum”-ыг хамтран МУИС-ийн Номын сангийн 502 тоот хурлын танхимд зохион байгууллаа.

Тус форумыг БНСУ-ын Хууль зүйн судалгааны хүрээлэнгийн захирал Хан Ён Сү нээж хэлсэн үгэндээ Монгол, Солонгос хоёр улс ирээдүйн шилжилт ба түүнтэй холбоотой хууль тогтоомжийн асуудалд хэрхэн хандаж буйг судлан хууль тогтоомжийг харилцан хөгжүүлэх талаар илтгэл хэлэлцүүлэг өрнүүлж түүнчлэн “Монгол-Солонгосын хууль эрх зүйн солилцооны ололт амжилт, хэтийн төлөв” сэдвийн дор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Солонгосын эрх зүйн боловсролын төвийг тойрсон Монгол-Солонгос хоорондын хамтын ажиллагааг эргэн харж, цаашдын хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэж хамтын ажиллагааны хүрээнд илтгэл хэлэлцүүлэг өрнүүлж буй нь Солонгос, Монгол хоёр улсын хамтын ажиллагааны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бага ч гэсэн хувь нэмэр оруулна гэдгийг дурдав.

 

Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа арга хэмжээг нээж үг хэлэхдээ хууль зүйн судалгааны чиглэлээр хоёр улсын судлаач эрдэмтэд, практик хуульчид хамтын ажиллагааны хүрээнд илтгэл хэлэлцүүлэг хэлэлцэж буй өнөөдрийн форум хамтын ажиллагааны хүрээ өргөжин тэлснийг харуулж байна. МУИС-ийн Хууль зүйн сургууль БНСУ-ын Күүкмин их сургуулийн Хууль зүйн сургуультай хамтран өөрийн эрх зүйг судлангаа солонгосын эрх зүй, соёлыг тухайн хэлээр сурах боломжийг бий болгосон бөгөөд энэ жил тус сургалт эхэлсний 15 жилийн ой тохиож байна. Түүнчлэн манай сургуульд цөөнгүй тооны солонгос оюутнууд монгол хэлээр Монголын эрх зүй, соёлыг амжилттай сурсан жишээ цөөнгүй бөгөөд өнөөдөр ч солонгос суралцагчид монголчуудтай мөр зэрэгцэн тус сургуульд сурч байна гэдгийг цохон тэмдэглээ.

        “2025 K-LAW Forum”-ын илтгэл, хэлэлцүүлэгчээр  БНСУ-ын Хууль тогтоомжийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дарга Пак Сун И, БНСУ-ын Хууль зүйн судалгааны хүрээлэнгийн судлаач Пак Сэ Хүн, Солонгосын эрх зүйн боловсрол төвийн эрхлэгч профессор Пак Жон Вон, Академич, МУИС-ийн эмерит профессор, Нагояагийн Их сургуулийн хүндэт доктор, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D) С.Нарангэрэл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн доктор Б.Оюунжаргал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, хууль зүйн доктор (Ph.D) Т.Золбоо, нэгдсэн хэлэлцүүлэгчээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, хууль зүйн доктор (Ph.D) М. Уянга, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, хууль зүйн доктор (Ph.D) Б.Одонтунгалаг, Олон улсын улаанбаатар их сургуулийн Монгол, Солонгос эрх зүйн судалгааны газрын дарга О.Амарсанаа, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга М. Түвшинжаргал нар оролцов.