Мэдээ мэдээлэл

Олон улсын арилжааны арбитр, хэлэлцээ хийх тэмцээнд оролцохыг урьж байна

2025 оны 06 сарын 20

Олон улсын арилжааны арбитр, хэлэлцээ хийх тэмцээнд оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтын зарлал

 

2002 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй “Олон улсын арилжааны арбитр, хэлэлцээ хийх тэмцээн” (Intercollegiate Negotiation Competition) энэ жил 2025 оны 11-р сарын 15, 16-ны өдрүүдэд Япон улсын Токио хотод 24 дэх удаагаа зохион байгуулагдана.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг 2017 оноос эхлэн тус тэмцээнд тогтмол амжилттай оролцож байгаа билээ. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төлөөлж англи болон япон хэлээр тус бүр 4 оюутны бүрэлдэхүүнтэй 2 баг оролцдог.

Тус тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төлөөлж англи хэлээр мэтгэлцэж баг болон оролцох 2 оюутныг сонгон шалгаруулах зарлалыг үүгээр нээлттэй хүргүүлж байна.

Энэхүү тэмцээн нь олон улсын арилжааны арбитрын маргаанд оролцогч талуудыг төлөөлөх, хэлэлцээг үр дүнтэй явуулах чиглэлээр өндөр түвшний ур чадвартай, олон улсад өрсөлдөхүйц хуульч мэргэжилтэн бэлтгэх зорилготой. Шүүгчийн бүрэлдэхүүнд Япон улсын болон олон улсын хуульчдын холбооны тэргүүлэх гишүүн хуульчид, өмгөөлөгчид, дэлхийд нэр хүндтэй их сургуулийн профессор, тэргүүлэх компанийн удирдах албан тушаалтнууд оролцдог.

Тэмцээн нь хоёр үндсэн хэсэгтэй: Арбитрын хуралдаан ба бизнесийн хэлэлцээ хийх. Арбитрын хуралдааны үеэр оролцогчид урьдчилан өгөгдсөн маргааны үйл баримт, талуудын хооронд байгуулсан гэрээ, бусад нотлох баримт болон UNIDROIT-ын Олон улсын арилжааны гэрээний зарчмуудыг үндэслэн нэхэмжлэгч болон хариуцагч талуудын өмгөөлөгчийн үүргийг гүйцэтгэн мэтгэлцэнэ. Харин бизнесийн хэлэлцээний шатанд оролцогчид компанийн эрх бүхий төлөөлөгчийн дүрд тоглож, эсрэг багтай хэлцэл хийж хэлэлцээр байгуулах зорилгоор өрсөлдөнө.

Тэмцээний тухай дараах холбоосоор орж дэлгэрэнгүй танилцана уу: https://www.negocom.jp/

大学対抗交渉コンペティション

2024.11.19 ニューズレターNo.5 を公表しました。 2024.11.10 ニューズレターNo.4 を公表しました。 2024.10.29 改訂された問題及びニューズレターNo.3を公表しました。

www.negocom.jp

Оюутанд тавигдах шаардлага: 

  1. Хууль зүйн сургуулийн бакалаврын өдрийн ангийн 3, 4-р түвшинд идэвхтэй суралцаж буй оюутан байх (2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын байдлаар буюу өргөдөл гаргаж буй өнөөгийн байдлаар)

  2. Зуны улиралд тэмцээний бэлтгэл хийх боломжтой байх, тэмцээний өдөр оролцох боломжтой байх

Жич: Оролцогч оуютан тэмцээний зардлын тодорхой хувийг бие даан хариуцах журамтай урьдчилан анхаарна уу.

Бүртгэл:

Тэмцээний шалгаруулалтад оролцохыг хүссэн оюутнууд дараах мэдээллийг агуулсан CV-г, болон англи хэл дээр бичсэн эссэний хамт нэг PDF файл болгон бүртгэлийн хугацаанд багтаан baasandorj_b@num.edu.mn цахим хаягаар илгээнэ үү.

  1. CV

  • Оюутны нэр, ID, хувийн холбогдох бусад мэдээлэл 

  • Холбоо барих мэдээлэл

  • Тэмцээнд орохтой холбоотой холбогдох туршлага

  • Ур чадвар болон давуу талууд

  • Олон улсын хэлэлцээ хийх тэмцээнд (INC) оролцохыг хүсэж буй шалтгаан зэргийг багтаах

  1. Эссэ

  • “What role does emotional intelligence play in successful negotiation outcomes?”

  • Нийт үгийн тоог 1,200 тусгай тэмдэгтэд багтаах

Шалгаруулалтын процесс:

Эссэний шатанд урьдчилан тэнцсэн оюутнуудад мэйл хаягаар мэдэгдэх бөгөөд бичгээр тэнцсэн оюутнууд дараах өгөгдсөн кейсийн дагуу амаар шалгаруулалтад оролцоно.  Аман ярилцлагын  хугацааг бүртгэл дууссаны дараа жич мэйлээр бүртгүүлэгч нарт мэдэгдэнэ.

Мөнгөн хөрөнгө оруулалтын маргааны кейс:

Хонгорын Нарны Эрчим Хүчний Төсөл

Гурван жилийн өмнө хөгжиж буй жижиг улс болох Хонгорын Засгийн газар гадаадын сэргээгдэх эрчим хүчний “SolarTech Ltd” компанитай нарны цахилгаан станц барьж ажиллуулах гэрээ байгуулсан. SolarTech энэхүү төсөлд 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.

Гэвч Засгийн газарт өөрчлөлт орсны дараа Хонгор улс уг төслийг цуцлах эсвэл өөрчлөх төлөвлөгөөтэй байгаагаа зарласан. Үүний шалтгаан нь байгаль орчин, нийгмийн асуудлууд болохыг дурдсан. “SolarTech” компанийн зүгээс Хонгорын энэ алхам нь шударга бус бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалсан олон улсын гэрээнүүдийг зөрчиж болзошгүй гэж үзэж байна.

Аль аль тал нь зардал өндөртэй олон улсын арбитрын шүүхэд хандахыг хүсэхгүй байгаа бөгөөд хэлэлцээ хийхэд нээлттэй байгаа нөхцөл үүссэн.

Талуудын нэгийг сонгох:

  • Хонгор улсын Засгийн газар эсвэл SolarTech Ltd. компани

Асуулт

  1. Танай талын үндсэн зорилго юу вэ?

  2. Танай тал ямар нөхцөлд, тохиолдолд тохиролцоог хийх боломжтой вэ?

  3. Энэ нөхцөлд талуудын давуу, сул талыг хэрхэн тодорхойлж байна вэ? Ямар тактикаар эсрэг талтайгаа хэрхэн хэлэлцээг амжилттай хийх вэ?

Бүртгэл хаагдах хугацаа: 

Бүртгэл 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 14.00 цагаар тасалбар болон хаагдана.