Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Улсын Ерөнхий Прокурорын Газрын Сургалт, судалгааны төв хууль зүйн шинжлэх ухааны түвшинд онолын болон практик сургалтуудыг төгөлдөржүүлэх, төрийн болон сургалтын байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, эрдэмтэн, багш, судлаач, прокурор ажилтнуудыг чадавхижуулах, онол арга зүйн туршлага солилцох, зорилгоор 2017.04.18-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Санамж бичигт Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, Хууль зүйн ухааны доктор (PH.D)Ж.Эрдэнэбулган, Улсын Ерөнхий Прокурорын Газрын Сургалт, судалгааны төвийн захирал М.Гантулга нар гарын үсэг зурсан юм. Санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаанд Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат, Тамгын газрын орлогч дарга Ш.Сүхбат болон Сургалт судалгааны төвийн хяналтын прокурор, багш нар оролцлоо. Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат санамж бичиг байгуулах ажиллагааны үеээр хэлсэн үгэндээ "Аливаа байгууллагын хүний хөгжлийн асуудал маш чухал. Прокурорын байгууллага ч тэр бусад хувийн болон төрийн байгууллага ч тэр хүн нь чадварлаг байвал ажиллах бүтээмж нь дээшилнэ. Энэ утгаараа прокурорын байгууллагын хувьд прокуроруудаа эрдэмжүүлэх буюу мэдлэг чадварыг нь сайжруулах, ур чадвараас нь гадна хандлагыг нь өөрчлөх гэсэн том ажилд МУИС-ын Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, судлаач, багш нарын дэмжлэгийг авах гэж байгаадаа маш их баяртай байна.Бид өөрсдийн бололцоогоор МУИС-ын Хууль зүйн сургуультай хамтарч ажилланаль аль талын хэрэгцээ шаардлагыг нөхөж ажиллах гэж хичээх болно. Хэдийгээр чиг үүрэг нь тусдаа боловч Монгол улсад хууль дээдлэх ёсыг бэхжүүлж, эрх зүйт төрийг байгуулахын тулд чадварлаг боловсон хүчин бэлтгэх, нэгэнт бэлтгэгдээд гарчихсан хүний нөөцөө чадавхжуулах, эрдэмжүүлэх шаардлагатай байгаа учраас хамтын ажиллагааг эхлүүлж байгаа юм" гэж хэллээ.
Харин МУИС-ын Хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулган хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж байгаа талаар сэтгэгдлээ илэрхийлэхдээ: "Энэхүү санамж бичгийн хүрээнд хамтарсан сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний хөтөлбөрийгоруулж ирж байгаа. Ер нь манай сургууль бусад хуулийн байгууллагуудтай хамтарч ажилладаг. Энэ нь сургуулийн сургалтын нэг гол зорилго юм. Бид өнөөдөр Монгол улсад ажиллаж байгаа хуулийн салбарын ажилтнуудын олонхийг бэлтгэж байдаг. Тийм учраас манай сургуулийн хувьд сургалтаар тогтохгүй бусад практикийн байгууллагуудтай хамтран ажиллах ажиллагаа маань сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байна. Ялангуяа бид онолын түвшинд оюутнуудыг бэлдээд зогсохгүй, тэр хүмүүс цаашдаа ажил, амьдралд гарахад зайлшгүй шаардлагатай практик мэдлэгийг олгохыг зорьж байна. Энэ үүднээс бид хууль, хяналтын байгууллагуудтай хамтран ажилладаг юм" гэж тэр хэлэв.
Санамж бичиг байгуулах арга хэмжээний үеэр Хууль зүйн сургуулийн захирал, Хууль зүйн ухааны доктор (PH.D)Ж.Эрдэнэбулган тус сургуулийн эрдэмтэн багш нарын бүтээлийг Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт судалгааны төвийн номын санд бэлэглэлээ.